Thursday, April 2, 2009

МОНГОЛ ХҮҮХЭД УЯАНДАА ЧАНГАРДАГ

Эцэг, эх бүр л сайн хүүхэдтэй болохыг хүсдэг. Тиймээс зарим нь сайн хүмүүжил, өндөр боловсрол олгохын тулд хамгаа зориулна. Нөгөө хэсэг нь сайн хүүхэд төрөлхийн байдаг гэж үздэг. Харин “Улаанбаатар” дээд сургуулийн Монгол судлалын төвийн захирал, гэр бүл судлаач Т.Намжил сайн хүүхдийг төрүүлдэг гэж ярьсан юм.
-Яаж сайн хүүхэдтэй болох вэ?
-Наадахыг чинь хүн бүр л асуудаг юм. Сайн гэр бүлийн үр удам нь ч сайн байна. Үр тарианд сайн үр гэж байна. Тиймээс сайн хүүхэдтэй болохын тулд үрээс эхлэн анхаарах хэрэгтэй. Сайн удмаас л сайн хүүхэд төрнө. Зарим хүн хүүхдийг эхийн хэвлийд байхад нь муу юм үзүүлэхгүй байх тухай ярьдаг. Харин би үүнээс ч өмнө ханиа сонгохоос эхлэн анхаарах хэрэгтэй гэж хэлэх байна.
Монгол удмын чанар сайн байгаа нь нутаг устай нь холбоотой. Ханиа зөв сонгож, заяаны ханиа олвол сайн үр заяана. Удам угшил гэдэг юм хурдан моринд ч, хүнд ч

байна. Орчин үед залуус хэзээ, хэнтэй гэрлэхээ өөрсдөө шийддэг болсон болохоор үүнийг эсэргүүцэх байх л даа.
-Элит гэр бүлээс гаралтай гэж ярьдаг. Элит гэр бүлээс л элит хүүхэд төрдөг үү?
-Сайн үр элит гэр бүлд ч, ядуу айлд ч бий. -Тэгвэл сайн ханийг хэрхэн таних вэ?
-Сайн, муу эр, эм, хүүхдийн шинжийг эрт үеэс зааж таниулж ирсэн. Үүнийг одоо хүмүүст таниулж мэдүүлэх хэрэгтэй байна. Мөн удам судар гэж том асуудал бий.
-Монгол хүүхэд бусад, тэр дундаа Азийн өөр үндэстнийхээс ямар ялгаатай вэ? Зүс царайг оруулахгүйгээр…
-Энэ бол генээс өөр асуудал. Эртнээс өндөрлөг газарт, эрс тэс уур амьсгалд нүүдлийн мал маллаж ирсэнтэйгээ холбоотойгоор гэр бүл, бие, хэл, сэтгэхүйн онцлог гарч ирнэ. Тэвчээртэй, уужуу дотортой, зоригтой, тогтуун зантай голч хүүхэд төрдөг байсан. Монголчууд суурьшмал амьдралд шилжсэнээр энэ нь өөрчлөгдөж байна. Цаашид ч өөрчлөгдөнө. Сайн чанарыг нь унтраахгүй байх нь чухал. Тиймээс монгол удмынхаа хүнтэй л гэрлэх хэрэгтэй. Хар, шартай суух нь хүний эрх ч гэлээ бидний генийг гүйцэхгүй хүнтэй бүү гэрлээрэй гэж л залуустаа захимаар. Монгол удмаа авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Яаран дэлхийтэй холилдох шаардлагагүй.
-Одоо хүүхдийг өлгийдөхөөс татгалзаж эхэллээ. Манайхаас өөр хүүхдээ өлгийддөг улс хэр олон байдаг юм бол?
-Би олон орны хүүхдийн өлгийг харж байсан. Манай өлгий тэднээс өөр, өлгийдөх хатуу дэгтэй. Жавхайтал гурав ороож, толгойг нь хумайлгаж өлгийддөг. Хүүхэд өлгийдөө сунайж царай нь улаа бутраад эрүүл чийрэг өсдөг юм. Энэ нь хүүхдийг ч гадны аюулаас хамгаалдаг. Гэтэл одоо манайд хүүхдийг өлгийгүй өсгөх гадны төсөл хэрэгжүүлж байна гэнэ. Уг чанартаа өлгий хүүхдийг чангалж өгдөг. Өсөлтөд нь огтхон ч саад болдоггүй. Манай хүүхдүүд булчинлаг чанга биетэй байдгийн нэг нууц нь энэ. Өлгийнөөсөө гараа авах гэж оролдох нь нярай хүүхдэд дасгал болдог юм. Барууныг дуурайгаад сул өсгөвөл сул биетэй, өвчлөмтгий хүүхэд л болно.
-Залуу эцэг, эхчүүд хүүхдээ бүүвэйлж чадахаа больсон шиг байна. Хүүхдээ дуулж бүүвэйлдэг үндэстэн хэр олон байдаг бол?
-Бүүвэйн дуу бол зөвхөн хүүхэд унтуулах хэрэгсэл биш. Улс үндэстнүүдийн бүүвэйн дуунууд бүгд л хүмүүжлийн ач холбогдолтой байдаг. Эхийнхээ намуухан дуулахыг хүүхэд сонсоод тайвширдаг юм. Одооны эхчүүд бүүвэйлж чадахаа байжээ. Хөхүүлээд л сэгсрээд байдаг. Үүнээс болоод хүүхэд амархан цочин сэрж байна. Бүүвэйн дуугаар эх хүүхэд хоорондоо харьцдаг юм шүү дээ.
-Одооны хүүхэд хүмүүжилгүй болжээ гэдэг. Дээр үеийнхэн хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байсан юм бол?
-Эхийн хэвлийд үр тогтоод 14 хономогц л хүүхдийн хүмүүжил эхэлдэг. Эхийн хэвлийд бойжиж байх үед нь, төрөн төртөл нь cap тутам өөр өөр зүйлд анхаарах хэрэгтэй. Дээд үеийнхэн үүнийг мэдэж хэрэгжүүлсээр ирсэн. Аргал түүж, үнээгээ саан, морио унаж байгаад л төрүүлдэг байсан гэдэг. Харин чухам аль үед юу хийж болохгүй, юунд анхаарах хэрэгтэйг тэд мэддэг байж. Эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн гурван сартайд нь сонсгол, харааны эрхтэн хөгждөг. Энэ үед нь эхчүүд телевизээр аймшгийн кино үзээд байна.
-Аавууд хүүхдээ хэвлийд байх үед нь яаж анхаарах хэрэгтэй вэ?
-Хүүхдийн хамгийн их юм сурдаг үе нь энэ. Энэ үед аавууд чи хүүхдээ гаргаад байж бай гээд гадаад яваад өгч болохгүй. Одоо эхнэрээ бие давхар болмогц л нөхөр нь ажил хийнэ гээд Солонгос яваад өгдөг боллоо. Хүүхэд олдсоноос эхлээд гурван нас хүртэл хөгжлийнх нь алтан үе. Үүнийг алдаж болохгүй. Намайг дунд сургуульд байхад Бах гурван настайдаа хөгжим зохиожээ гэж заадаг байсан. Үүнийг одоо судлаад үзэхэд түүнийг эх, эцэг нь зорилготой хүмүүжүүлж өсгөсөн байна. Одоо бол хүүхдээ таван нас

хүрмэгц нь англи, хятад хэл сургана гээд чирдэг боллоо. Гэтэл монголчууд эртнээсээ хүүхдийн суурь мэдлэгт анхаарч иржээ. Хөгжлийн алтан үед нь оюун ухаан, хүмүүжил, бие бялдарт нь адилхан анхаарна гэсэн үг. Тэгэхгүйгээр багшид хүүхдээ тушаагаад орхичихож байна.
-Хүүхдийн бие бялдрын хөгжилд багаас нь анхаардаг байсан гэж та ярилаа. Хөл нүцгэн явуулахаас эхэлдэг гэж үү?
-Үүнээс ч өмнө эхэлнэ. Монголчууд хүүхэд уяандаа чангардаг гэж ярьдаг байсан. Хүүхэд уяанаасаа татаж босдог, алдуурах гэж оролддог. Энэ нь аюул ослоос хамгаалах, танин мэдүүлэх, өсгөх ач холбогдолтой. Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд надаас уяаны талаар асуугаад л байсан. Гэтэл энэ сэдвээр дараа нь эрдмийн зэрэг хамгаалсан гэсэн шүү. Тэд тахим тахим гэж явдаг бол монголчууд цэргийн хүн шиг алхдаг. Энэ бол уяа өлгийний хүч юм.
-Манайхаас өөр хүүхдээ уядаг улс үндэстэн бий юу?
-Бараг л байхгүй болов уу. Би мэдэхгүй юм.
-Хөдөөний хүүхэд чийрэг, булчинлаг ч намхан байдаг. Одоо чинь өндөр болохыг хүсдэг болсон шүү дээ.
-Өндөр гэдэг бол тоон үзүүлэлт. Хөдөөний хүүхдийн бие бялдар баргийн юманд тэсвэртэй, барагтай л өвчин тусахгүй. Үүнд чанар байгаа юм. Too хэрэгтэй юү, чанар хэрэгтэй юү?
-Таныхаар бол хүүхдээ хүмүүжүүлэх гээд гэртээ ажилгүй сууж таарах нь.
-Энэ бол үнэхээр нэргүй ажил. Өнөөдөр эцэг, эхчүүд ажил хөөгөөд, хүүхдээ утсаар удирдаж байна. Бололцоотой нь гэрийн үйлчлэгчтэй. Орой гэртээ очиход нүд ам нь бүтэн байвал боллоо. Тэд яаж эцэг, эхийг нь орлож, хүүхдийг хүмүүжүүлэх вэ дэ, үгэнд нь ч орохгүй. Гурван жилийн цалинтай чөлөөг эхчүүдэд өгдөг байлаа. Үүнийг сэргээмээр байна. Одоо бол хүүхэд гаргавал ажилгүй болно. Түүнээс биш хүүхдэд 10 мянган төгрөг өгөөд ямар хэрэгтэй юм. Суурин амьдралд хүүхэд хүмүүжүүлэх аргыг олж өгмөөр байна.
-Гэрт амьдрах нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Эхчүүд хүүхдээ өвөртлөөд унтдаг шүү дээ.
-Гэрт нэг дороо байхад хүүхэд ээж, аавынхаа эрчмийг авдаг. Болж л өгвөл хүүхдээ өвөртлөөд, үгүй дээ л нэг өрөөнд унтах хэрэгтэй. Аавууд өвөр дээрээ суулгаж байвал зүгээр. Тусад нь өрөөнд оруулчихаад унт гээд гэрлийг нь унтраагаад, бөөн айдас жихүүцэл дунд орхичихдог. Оройд үлгэр ярьж, ном уншиж өгвөл мөрөөдөлд умбаж, сайхан зүүд зүүдлэн тайван унтдаг юм.
-Олуул өссөний сайн тал юу байна?
-Олуул байх тусам хүүхдийн өсөлт хөгжилтөд түлхэц өгнө. Хүүхдийн хоорондын харилцаа шиг дотно зүйл үгүй. Тэд илэн далангүйгээр хоорондоо маш их мэдээлэл дамжуулдаг. Ууган хүүхдээ аав, ээж, эмээ өвөө нь сайн хүмүүжүүлнэ. Тэр нь дүүгээ сургана. Олуул байснаар хамтач, эвсэг болдог. Үг дааж, олны дунд биеэ авч явж сурна.
-Үг даах байтугай сонсохоо больсон юм биш үү?
-Хүүхдэд үг хэлэхээ больжээ. Үг хэлэхгүй юм чинь яаж даах юм бэ. Миний хүүхэд л биш бол хамаагүй гэсэн амиа бодсон үзэл ноёрхож байна. Ядаж төрөл садан дотроо ахмад нь залуустаа үг хэлдэг болъё. Оновчтой сургаал хайрлахгүй бол олон үг сонсохгүй л дээ.
-Би гэдэг үзэлд буруу бий юү?
-Энэ бол зөв. Гэхдээ ойворгон, сагсуу байж болохгүй. Ядуу хүний хүүхэд чөлөөтэй байдаг тул буруу замаар орохдоо амархан. Гайгүй амьдралтай айлын хүүхэд дураараа харагддаг ч тийм биш. Ээж нь миний хүү тийм ийм юм сурах ёстой гээд юу хийхийг нь алхам тутамд зааж, чөлөөт байдлыг нь алдагдуулж, олноос хөндийрүүлдэг.
-Хүүхдийг эмээ, өвөөд нь даатгах нь хэр зөв бэ?

-Сайн талтай. Гэхдээ ил хайраар эрхлүүлчихдэг нь сул тал. Энэ нь хүүхдийг энхрийлж буй хэрэг биш юм. Дандаа буруу зүйлийг нь урамшуулдаг.
-Тоглоом бол хүмүүжлийн том зэвсэг гэдэг. Одоо тоглоом хаашаа хөгжиж байна?
-Дээр үеэс мод, чулуу гээд байгалийн бүтээгдэхүүнээр хүүхэд тоглож ирсэн. Түүгээр дамжуулан хүүхэд байгалийг танин мэддэг байлаа. Одоо ч тоглоом хүртэл айдас төрүүлж байна. Насанд нь таараагүй янз бүрийн юмаар эрхлүүлж байж гэмтэх, тахир дутуу болох ч явдал гардаг боллоо. Ардын оньсон тоглоомыг хүүхэд байтугай томчууд мэдэхгүй болохоор тоглохгүй байна л даа.
-Эцсийн асуултыг танд үлдээе.
-Нэг хүүхэд харуулчихаад монгол хүүхэд гэх аргагүй болжээ. Хот, хөдөө, хотын хөдөө, хөдөөгийн хот гэсэн дөрвөн янзын монгол хүүхэд бий боллоо. Энэ бүгдэд ялгавартай бодлогоор хандах хэрэгтэй. Төрөөс гаргасан ерөнхий бодлогыг задалж боловсруулмаар юм.




“Өнөөдөр” 2005.05.12

1 comment:

  1. Tritanium Flat Iron Wire - titanium flat irons
    Tritanium titanium legs Flat 2018 ford fusion energi titanium Iron trekz titanium pairing Wire - Titanium titanium bolt Flat Iron Wire - titanium flat irons. Tritanium Flat Iron titanium damascus knives Wire. Type: Stainless Steel. Product Weight: 6.7 ounces.

    ReplyDelete