Thursday, April 2, 2009

СЕКСИЙН ЧАДАМЖ ХАНАМЖ ТААРУУХАН БАЙГААГААС ГЭР БҮЛ САЛАХАД ХҮРДЭГ

-Амьдрал юун дээр тогтдог вэ?
-Амьдралын утга учрыг ойлгохыг хичээх нь зүйтэй. Хүний амьдрал гэдэг сэтгэлийн, харилцааны асуудал дээр тулгуурладаг. Тиймээс дурлал, хайр гэдгээс гадна энэ асуудал нэг их яригдахгүй байх гэж би боддог.
-Хайр гэж чухам юу юм бэ?
-Дурлал, хайр хоёрыг ялгаж ойлгох нь зүйтэй. Хүн гэдэг дурлаж байж хайрлана. Зүгээр дурлал, хайр талаас нь ярьвал бие биендээ итгэх итгэл, харилцан ойлголцол, сэтгэлийн аз жаргал дээр хайр тулгуурлана. Итгэж бүтсэн хайр түвшин сайхан гэр бүлийн үндэс суурь болдог.
-Хайранд насны ялгаа бий юу?
-Нийгмийн орчин хүүхдэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тиимээс өнөөгийн нөхцөлд хайр бага наснаас эхэлж байгаа.
-Хайр залуужижх тусмаа бат байдаг гэх юм?
-Өнөөгийн амьдралд бага ангийн хүүхдүүд бие биенээ хайрлах болсон. Гэхдээ энэ бол жинхэнэ хайр биш, шохоорхлын хайр. Харин ахлах, дунд ангийнхны хувьд мөрөөдлийн, романтик хайр руу орж байна. Гэрлэлт оройтох шинжтэй болсноор жинхэнэ хайр ч мөн оройтох хандлагатай болсон.
-Хайраа олохын тулд…
-Жинхэнэ хайрыг олохын тулд зөвөлгөө зөвлөмжийг мэдээд зогсохгүй зохих хэмжээний туршлагатай байх хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс зөвлөж чиглүүлэх нь зүйтэй л дээ. Манай эцэг, эх үр хүүхдүүдийн хоорондын хаагдмал харьцаа нь нэг талаас зорьсон хайрыг унтраах үндэс болж байна. Тухайлбал охин нь нэг найз залуутай болоход “наадах чинь юм уу” гэх зэргээр үл тоомсорлох нь нөгөө талаас зүтгэсэн хайрыг унтраах жишээтэй.
-Эмэгтэй хүн ер нь ямар байх ёстой юм бэ?
-Цэвэр ичимтгий, нөхөр /эхнэр/-өө хайрладаг, намбатай төрх нь Азийн орнуудын сайхан ёс. Үүн дээр тулгуурлаад орчин үед нээлттэй байдлаа зөв

илэрхийлээд, эелдэг харилцаатай байх нь өнөөгийн залуусын сайхан төрх болно. Би охид, бүсгүйчүүдээ ийм байгаасай гэж хүсдэг. ..
-Эмэгтэй хүний эрхэм чанар…
-Даруу, хүнийг сайн ойлгодог, ханьдаа халамжтай, итгэл үзүүлдэг шинж нь Монгол бүсгүйн эрхэм чанар юм.
-Эмэгтэй хүн, гоо сайхны таашаал гэж…
-Хамгийн гол нь сэтгэлийн гоо сайхны таашаал байх ёстой. Манай бүсгүйчүүд эрт дээр үеэс гоо сайхны хүчтэй мэдрэмжтэй байсан. Энэ нь Монголчуудын бэлгэдэлээс харагддаг шүү дээ. Юмыг бүтнэ болно гэж боддог сэтгэлээс нь илүү ихээр харагдах байх.
-Гэр бүлд гүйцэтгэх эмэгтэй хүний үүрэг…
-Эмэгтэйчүүд маань дуртай ажлаа эрхэлж, амьдралаа дээшлүүлэхийн төлөө зүтгэж явна. Үүнийгээ дагаад ч өндөр боловсрол, чадвартай болж байгаа. Цаашдаа эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг маш сайхан гарч ирнэ. Үүнийг эрчүүд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ манай эрчүүд муугүй ээ! Гагцхүү тэдэнд гэр бүлийн боловсрол дутагдаад байна.
-Гэр бүлийн боловсрол гэж…
-Хөгжиж буй орнууд гэр бүлийн боловсролын асуудалд өргөн хүрээтэй ханддаг. Тиимээс үүнийг ярихаас өөр аргагүй л дээ. Гэр бүлийн боловсролд гэр бүлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх арга барил гэх мэт олон асуудлыг хамруулж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эдгээрээс зохих мэдлэгийг олж авах нь чухал…
-Та гэр бүлийн харьцаа хөндийрч байна гэлээ…
-Зах зээлийн нийгмийн амьдралын төлөөх тэмцэл нь гэр бүлийн харьцааг хөндийрүүлэхэд хүргэж байна. Айл өрх төдийгүй энгийн хүмүүсийн хүрээнд ч гэсэн харьцаа хөндийрч байгаа. Тухайлбал найзууд уулзаад…”Сайн уу? Сайн!” гээд өнгөрөх жишээтэй. Энэ харилцааг ойртуулахын тулд үгээ ойлголцох, бие биенээ ойлгож, хүндэтгэх асуудлыг хурц дэвшүүлж тавих нь чухал.
-Гэр бүлийн аз жаргал гэж…
-Энэ нь цэвэр итгэл хайрын тулгуур багана юм. Хоёр талаасаа сэтгэл түвшин байх нь аз жаргалтай гэр бүл юм. Хоёр талаасаа сэтгэл түвшин байна гэдэг нь харилцааны асуудал. Тиимээс хайр, дурлал, итгэл, аз жаргалаас тогтвортой гэр бүл бий болно.
-Ханиа зөв сонгохын тул…
-Харсантайгаа гэрлэж болохгүй, цаг үе ч тийм биш. Яагаад гэхээр хүмүүсийн хоорондын ялгаа хүчтэй болсон өнөө үед зайлшгүй анхаарах асуудал бол ханиа зөв сонгох. Ингэхийн тулд мэнгэ төөргөө сайн мэдэж байх шаардлагатай. Тиимээс удас угсаагаа маш сайн мэдэхээс гадна цаад хүнийхээ удмыг сайтар судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь суухад зүгээр байсан хорин жилийн дараа архи уугаад… гэлцдэг. Үүнийг нь нарийн хөөвөл удмын давталт болж таардаг л даа.
-Яагаад нөхөрт гардаггүй вэ?
“Та ажил ажил гээд…” өөртөө зав гарахгүй байгаа юм биш биз. Ер нь тэгээд энэ асуудлыг хувь хүн өөрөөсөө эрэх хэрэгтэй. Ямар сайхан, хүнд хань

болохоор ээжийн охин аль байшин саванд байгааг аавын хүү яаж олох юм бэ. Тиимээс та өөрийгөө нийгэмд нээж өгөх хэрэгтэй. Кино үзэж, бүжгэнд ор л доо.
-Гэр бүл салалтын шалтгаан…
-Салалтын язгуур зүйл нь гэр бүлийн буруу харилцаа, сэтгэл түвшин бус байдал юм. Түүнээс биш архи, завхайрал энэ тэр ерөөсөө ч биш. Гэхдээ энэ тоо гэр бүлийн хэлбэрт /хамтран, гэрээгээр амьдрах/ гарч байгаа өөрчлөлт хийгээд гэрлэх нас хойшилж байгаатай холбоотойгоор ойрын жилүүдэд салалт багасна.
-Гэр бүлд гүйцэтгэх сексийн үүрэг…
-Гэр бүлийн тогтвортой байх нэг үндсэн нөхцөл. Сексийн чадамж ханамж, тааруухан байгаагаас хөрч хөндийрч салахдаа хүрч байна. Үүн дээр манай эрэгтэй, эмэгтэйчүүд дүгнэлт хийх хэрэгтэй. Өнөөдөр сексийн харилцаанд өөрчлөлт гарч байгаа, гарах ч ёстой. Энэ харилцаанд ороод яваа, хийж чадаж байгаа улс бол тогтмол хугацаанд аятай нөхцөлд санасан зорилгоо сайн сайхан хийж явах нь амьдралд чухал байна. Энэ бол их нарийн асуудал тиймээс их нямбай хандах хэрэгтэй.
-Нууц амраг байх ёстой юу?
-Өөрийнхөө үүсгэсэн алдааг бусдад тохох явдал юм. Завхайрал, хүнтэй далдуур явах, нууц амраг гэдэг бол харьцаанаас л үүсч байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь өөрийгөө дүгнэх хэрэгтэй.
Үг бол хүнийг алж ч болно аварч ч болно. Тэгэхээр эмэгтэй хүн, нөхрөө халамжилдаг өөрийгөө нөхөртөө ойлгуулахыг хичээдэг байвал янз бүрийн асуудал, маргаан үүсэхгүй.
-Хардалтыг өвчин гэх юм…
-Хүн болгонд энэ асуудал байдаг. Энэ нь зохих хэмжээнд байх ёстой. Яагаад гэхээр бусдаас шилж сонгож, түүнийгээ өмчилж байгаа учраас. Хардалт гэдэг зөвхөн хайрлахын хардалт ч биш л дээ. Сайхан, чанартай, ухаантай зүйлийг ч хардах явдал байж л байсан.
-Залуусын сайхан чанар…
-Аливааг үнэлж, дүгнэдэг голч чанар манай залууст өвлөгдөж байна. Өөрөөр хэлбэл залуучууд ухаалаг болж байна гэж хэлье. Монгол орныг зөв жолоодож чадна гадагт итгэж байна. Ер нь тэгээд Монгол бол залуусын орон шүү дээ.
-Охидын хүмүүжил доройтлоо гэх болж…
-Нийгмийн харилцаанд гарч байгаа эерэг, сөрөг үзэгдлүүд хийгээд гэр бүлийн амьдралд ардчилал нэвтэрсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл чөлөөт байдал, чөлөөт сонголт, боломж нэвтэрсэн. Тиймээс энэ асуудлыг хөвгүүд охидын аль алинд нь хамааруулж үзэх ёстой. Яахав илрэх хэлбэрийн хувьд эмэгтэй хүний ерөнхий шинж чанар, үйл хөдлөл нь гадагшаа байдгаас охид илүү өртөгдөж байж болно. Охид болохоо болилоо гэх юм. Үнэндээ тийм биш. Энэ бол тодорхой хүрээний асуудал.
-Хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах ёстой вэ?
-Эцэг эхчүүд маань хүүхдээ сайн хүн болгоно гэдгийг гадаад хэл, компьютер, дээд боловсрол эзэмшүүлэх, гадаадад сургах гэдгээр ойлгодог. Үнэндээ энэ нь тийм биш л дээ. Манайханд одоог хүртэл сэтгэл зүйн боловсрол олгох сургалт хийгдээгүй байна. Уг боловсролыг олгосноор нийгэмд хөлөө зөв

олж, бусдыг өөртөө татаж чадахаар харьцаж, гэр бүл амьдралд зөв бэлтгэгдэж архи тамхи буруу зангаас хол байж чадна.
-Хамтран амьдрачдыг хэрхэн ойлгох ёстой вэ?
-Энэ нь албан бус гэрлэлт. Монгол гэр бүлийн хууль шинэчлэгдэнэ гэж ярьж байна. Цаашдаа үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Яагаад гэхээр энэ бол хүний эрхийн асуудал. Гэхдээ энэ бол нууц амрагийн асуудал биш. Энэ бол амьдарч байгаа хэлбэрийн асуудал шүү дээ.
-Манай уншигчдад хандаад…
-Орчин цагтай нийлээд Монгол гэр бүл хүчтэй өөрчлөгдөж байна. Ийм үед та бүхэн гэр бүлийн харилцаандаа анхаараарай. Үгээ ойлголцож, бие биенээ хайрлаж, хүндэтгэж, итгэж чадвал сэтгэл түвшин амьдарцгаах болно. Үүний төлөө хамтдаа нэгдэцгээе гэж хэлмээр байна.




“ХАНЬ” СОНИН. 2007.

No comments:

Post a Comment